Мэдээлэл

"Ногоон таксономи"-г батлахаар зэхэж байна


ОУСК-ийн Уур амьсгалын бизнесийн газрын Үйл ажиллагаа хариуцсан менежер Жанг Шинг илтгэл тавьж байна

"Ногоон Таксономи"-г танилцуулах хэлэлцүүлэг, семинарын хүрээнд салбар салбарын 100 гаруй мэргэжилтнүүд цуглан өөрсдийн салбар дахь ногоон үйл ажиллагааны ангилалыг хэлэлцүүлэн санал солилцов. Хэлэлцүүлэг 4-р сарын 5-д Блью Скай зочид буудалд зохион байгуулагдав.

"Ногоон таксономи" нь хүлэмжийн хий, агаар орчны бохирдлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааны ангилал, шалгуур үзүүлэлт бөгөөд банк, санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид, болон бодлого боловсруулагчид энэхүү таксономийг ногоон зээл, хөрөнгө оруулалт оруулах төсөл, хөтөлбөрүүдийг тодорхойлохдоо ашиглах юм. Энэхүү баримт бичгийг ТоС Холбоо, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголбанк, Цинхуа их сургууль болон Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК) хамтран гаргаж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газар мөн туслалцаа үзүүлэн яамдууд болоод зохицуулагч, хэрэгжүүлэгч агентлагууд дэмжин оролцож байна. 

Нээлтэнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ)-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булган ТоС Хөтөлбөр болон БОАЖЯ-ны хамтын ажиллагаа, Ногоон таксономийн ач холбогдолын талаар үг хэлэв. Арга хэмжээний үеэр Монголбанкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монголбанкны ТоС-ийн хүрээнд хийгдэх ажлуудыг дурдан, түүний хамгийн эхний алхам нь Ногоон таксономийг батлах талаар нээлтэндээ дурдсан билээ. Монголбанкны хувьд Монгол Улсын Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх 2025 он хүртэл үндэсний хөтөлбөр, мөн 2019 оны Мөнгөний бодлоготоо Тогтвортой санхүүгийн үйл ажиллагааг тусгасан байдаг бөгөөд тэрний нэгэн чухал хэсэг нь ногоон зээлийг бүртгэлжүүлэх, хянах асуудал билээ. Энэхүү баримт бичиг гарснаар банкууд ногоон зээлийн бүтээгдэхүүн гаргаж, түүнийг бүртгэх боломжтой болох юм.

Арга хэмжээнд ОУСК-ийн Уур амьсгалын бизнесийн газрын Үйл ажиллагаа хариуцсан менежер Жанг Шинг ОУСК-ийн Ногоон таксономийн болон олон улсад мөрдөгдөж буй сайн туршлагуудын талаар хэлэлцсэн бол Цинхуа их сургуулийн Санхүү, хөгжлийн төвийн эдийн засагч Венхонг Шие 2012 онд гаргасан БНХАУ-ын Ногоон бонд болон зээлийн таксономи, түүнчлэн боловсруулах аргазүйг танилцуулж, Монгол Улсын таксономийг боловсруулахад хэрэглэж буй аргачлал, салбаруудыг ангилсан байдал зэргээр тайлбарлан илтгэсэн билээ. Үргэлжлүүлээд салбар бүрт хуваан тус тусад нь нарийн хэлэлцэж, харилцан яриа өрнүүллээ.

Ногоон таксономийг 2019 оны 7-р сард батлахаар төлөвлөж байна.