Мэдээлэл

Гэр хороололд эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц нэвтрүүлэх туршилтын төсөл эхлэхэд бэлэн боллоо


Улаанбаатар хотын хүн амын дийлэнх нь оршин суудаг гэр хорооллын амины сууцууд дулаан алдагдал ихтэй тул иргэд тав тухгүй өвөлжин, халаалтдаа их хэмжээний түлш зарцуулахын сацуу агаарын бохирдлыг нэмэгдүүлсээр байна.

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төсөл, Монголын Банкны Холбоо болон Тогтвортой Санхүүгийн Холбоо хамтран барилгын эрчим хүчний хэмнэлтийн стандарт шаардлагыг дор хаяж 20 хувь (%)-иар давуулан биелүүлсэн 10 гаруй амины орон сууцны загвар төслийг шалгаруулж, тэдгээрээс худалдан авах хүсэлтэй иргэдэд зориулж санхүүгийн дэмжлэг, зээлийн бүтээгдэхүүн гаргах туршилтын төслийг хэрэгжүүлэхээр боллоо.

Төслийн хүрээнд Гэр хорооллын иргэд  зураг төсөл нь бэлэн 60 м2 хүртэл талбайтай, 70.0 хүртэлх сая төгрөгийн өртөгтэй 10 загвар сууцаас сонголтоо хийж, улмаар банк болон гүйцэтгэгч барилгын компанитай гэрээ байгуулан бариулах тохиолдолд ойролцоогоор сууцны үнийн дүнгийн 20 хувь (%) (дээд тал нь 12 сая төгрөг)-д татаас олгохоос гадна банкнаас 8%-12%-ийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгоно.

Тус туршилтын төслийн хүрээнд дээд тал нь 60 өрхөд хөнгөлөлт үзүүлнэ.

Дараах ерөнхий шалгуурыг хангасан иргэд төсөлд хамрагдах боломжтой. Үүнд:

  1. Гэр хороололд байнга оршин суудаг, газраа өмчилсөн байх,
  2. Сууцны үнийн 20 хувь (%)-тай тэнцэх урьдчилгаа төлбөрийг гаргах,
  3. Орон сууцны бусад төслүүдэд хамрагдаагүй байх, мөн
  4. Банкны ипотекийн зээлийн шаардлага хангасан байх зэрэг болно.

Ипотекийн зээлийн гэрээг Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, Голомт банкуудтай жилийн 8 хувь (%), харин Хасбанк, УБ хотын банк, Капитрон банк, Тээвэр хөгжлийн банк, Ариг банкнуудтай 12 хувийн (%) хүүтэй, 15 хүртэлх жилийн хугацаатай байгуулах боломжтой. Туршилтын төслийн хүрээнд нийт 60 худалдан авагчдад хөнгөлөлт олгох тул банк тус бүр дээр олгогдох зээлийн тоо хязгаартай. Төсөлд хамрагдах хүсэлтэй иргэд 2020 оны 6 дугаар сарын 2-оос 2020 оны 9 дүгээр сарын 01-ний хооронд материалаа бүрдүүлэн банкуудад хандах боломжтой.

Иргэд сонирхож буй загвар сууцуудын заримтай нь танилцахыг хүсвэл Сонгинохайрхан дүүргийн (Тахилтын аманд) 33 дугаар хорооны 188-р цэцэрлэгийн хашаанд баригдсан 5 байшинтай очиж танилцан барилга тус бүрийн гадна талд байрлуулсан мэдээллийн самбараас талбайн хэмжээ, эрчим хүчний хэмнэлт, үнэ өртөг, барилгын компанитай холбогдох зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг авч сонголтоо хийх боломжтой. Нэг сууцыг барих хугацаа дунджаар 2 - 4 долоо хоног байна.

Цаашид эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны эрэлт хэрэгцээ, туршилтын төслийн үр дүнд гарах эрчим хүчний хэмнэлт, иргэдийн сэтгэл ханамж, барилгын чанар зэргээс хамаарч зохих стандарт, шаардлага хангасан төрөл бүрийн амины орон сууцуудыг зах зээлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мөн санхүүгийн тогтвортой арга хэрэгслүүд, эх үүсвэрийг судлан нэвтрүүлэхээр төсөл хэрэгжүүлэгчид зорьж байна. Ингэснээр иргэдийн амьдрах гадаад болон дотоод орчин нөхцөл сайжирч агаарын бохирдлыг бууруулах улмаар уур амьсгалын өөрчлөлтөд голлон нөлөөлж буй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад талууд хувь нэмрээ оруулна.

GIZ-ээс Улаанбаатар хотын захиргаатай хамтран хэрэгжүүлдэг “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийг ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ) болон Швейцарын хөгжлийн агентлаг (SDC) хамтран санхүүжүүлдэг.

Төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг GIZ-ийн Төсөл, МБХ болон банкнуудаас авч болно.:

GIZ-ийн Төсөл,                                     утас: 7711 0515, 8887 7767

Монголын Банкны Холбоо,                  утас: 11323581

Тогтвортой Санхүүгийн Холбоо,          утас:  99884080