Мэдээлэл

ЖДҮ-д зориулсан Ковид-19 үеийн хууль зүйн арга хэмжээний тухай гарын авлага боловсруулагджээ


Date: 05/03/2021

Коронавирус цар тахал Монгол Улсын жижиг дунд үйлдвэрлэл (ЖДҮ) эрхлэгч нарт нөлөөлөх үр нөлөөг бууруулахын тулд Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (“ЕСБХБ”)-иас “КОВИД-19 цар тахлын үед Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нарт хүргэх хууль зүйн мэдээлэл” төслийг 2020 оны 12 дугаар сард санаачилсан. Энэхүү санаачилгын үр дүнд 3 удаагийн цуврал вебинарыг Европын Холбооны санхүүжилтээр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газар болон Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим хамтран амжилттай зохион байгууллаа. Өмгөөллийн “ХаанЛекс Партнерс” ХХН (“ХаанЛекс”) хуулийн фирм нь тус цуврал вебинарыг гүйцэтгэсэн юм.

Энэхүү цуврал вебинарын үеэр ХаанЛекс нь Монголын ЖДҮ эрхлэгч нарт Ковид-19 цар тахлын үед хямралыг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой, үнэ төлбөргүй хууль зүйн нэгдсэн мэдээлэл хүргэв. Вебинарын үеэр хүргэсэн мэдээлэл болон зөвлөгөө нь зээлийн гэрээ, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, дампуурал, хөдөлмөрийн асуудлууд, цахим худалдаа, түрээсийн төлбөр, татварын хөнгөлөлт зэрэг Ковид-19 цар тахлын үеэр ЖДҮ эрхлэгчдэд хэрэгтэй олон төрлийн сэдвийг хамрав. 

Энэхүү 3 удаагийн цуврал вебинарыг 2020 оны 12 дугаар сард амжилттай зохион байгуулсан ба вебинарыг бүрэн эхээр нь www.khanlex.mn/webinar/  холбоосоор орж танилцах боломжтой.

Вебинарын үеэр оролцогчдоос тавьсан асуултад хариулах, мөн 3 удаагийн вебинарын агуулгыг нэгтгэн “АсуултХариултын Гарын Авлага” (Гарын Авлага)-ыг ХаанЛекс боловсруулсан эмхэтгэлийг толилуулж байна.