Мэдээлэл

Эрчим хүчний хэмнэлттэй амины сууцны төслийг үргэлжлүүлэн олгохоор боллоо


Хэвлэлийн бага хурлыг энд дарж үзнэ үү.

Улаанбаатар хотын хүн амын дийлэнх нь оршин суудаг гэр хорооллын амины сууцууд дулаан алдагдал ихтэйн улмаас иргэд тав тухгүй өвөлжин, халаалтдаа их хэмжээний түлш зарцуулахын зэрэгцээ агаарын бохирдлыг нэмэгдүүлдэг. 

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төсөл, Монголын Банкны Холбоо, Тогтвортой Санхүүгийн Холбоо хамтран барилгын эрчим хүчний хэмнэлт үүсгэж буй амины сууцны ипотекийн зээлийг шинээр турших төслийг хэрэгжүүлж байна.  Төслийн үр дүнд эрчим хүчний өндөр шаардлага хангасан буюу барилгын дулааны нормын шаардлагыг 20-оос доошгүй хувь (%)-иар давуулан биелүүлсэн, бие даасан бохирын шийдэлтэй 10 гаруй загвар амины сууцыг шалгаруулж, тэдгээрээс худалдан авах сонирхолтой 29 иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй ногоон зээл олгох юм. 

Гэр хорооллын иргэд зураг төсөл нь бэлэн болсон 60 м2 хүртэл талбайтай, 80.0 хүртэлх сая төгрөгийн өртөгтэй 10 загвар сууцаас сонголтоо хийн ипотекийн зээлийн шийдвэр гаргуулсны үндсэн дээр  төслөөс амины сууцны үнийн дүнгийн 30 хувь (%)-д хөнгөлөлт (дээд тал нь 18 сая төгрөг) олгож, үлдсэн дүнг банкны хөнгөлөлттэй зээлээр авах юм. 

Туршилтын төслийн хүрээнд дээд тал нь 30 өрхөд татаас олгоно. 

Дараах ерөнхий шалгуурыг хангасан иргэд төсөлд хамрагдан хөнгөлөлт эдлэх боломжтой. Үүнд:

  1. Гэр хороололд байнга оршин суудаг, газраа өмчилсөн эсхүл зээлийн хугацаанд эзэмших эрхтэй байх (оршин суух зориулалттай газрын гэрчилгээтэй байх), 

  2. Сууцны үнийн 10 хувь (%)-тай тэнцэх урьдчилгаа төлбөрийг (ойролцоогоор 8 сая төгрөг) гаргах, 

  3. 6% эсвэл 12%-ийн хүүтэй олгох ипотекийн зээлийн шаардлага хангасан байх зэрэг болно. 

Ипотекийн зээлийн гэрээг Төрийн Банк, Голомт Банк, Худалдаа Хөгжлийн Банктай жилийн 6 хувийн (%), харин ХасБанк 8%, Богд Банк, Капитрон Банк, Тээвэр Хөгжлийн Банктай жилийн 12 хувийн (%) хүүтэй, 15 хүртэлх жилийн хугацаатай байгуулах боломжтой бөгөөд банк тус бүрээс олгох зээлийн тоо хязгаартай байна. 

Төсөлд хамрагдах хүсэлтэй иргэд 2021 оны 3 дугаар сарын 25-наас 2021 оны 9 дүгээр сарын 30-ний хооронд материалаа бүрдүүлэн банкуудад хандах боломжтой. 

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ээс Улаанбаатар хотын захиргаатай хамтран хэрэгжүүлж буй “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийг ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ) болон Швейцарын хөгжлийн агентлаг (SDC) хамтран санхүүжүүлж байна. 

Загвар сууцны талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй Facebook-ийн: 

ToC Холбоо/Mongolian Sustainable Finance Association MSFA хаягаар орж танилцах боломжтой.

 

Загвар сууцны байршил:

СХД, Тахилтын 188-р цэцэрлэг

ХУД, Яармаг 118-р сургуулийн хойно

Цайз Эко хороолол