СЗХ-ны дарга Д.Баярсайхан: “Тогтвортой байдлын тайлагналын энэхүү удирдамжийг олон улсын жишигт нийцүүлэн, нэвтрүүлснээр бид байгаль орчин, нийгэм, засаглалын удирдлагыг сайжруулж, мэдээллийн ил тод байдлыг хөрөнгийн зах зээлийн аливаа оролцогч талууд, үнэт цаас гаргагч болон бусад санхүүгийн байгууллагуудын цаашлаад Монгол Улсад энэхүү чиглэлийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх эерэг нөлөөтэй ба урт хугацааны үнэ цэнийг бий болгох ач холбогдолтой алхам гэж харж байна. Мөн мэдээллийн ил тод байдлыг сайжруулж, олон улсын туршлагыг нэвтрүүлснээр дотоод гадаадын хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлийг бий болгохын зэрэгцээ өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой алхам гэдгийг онцлох нь зүйтэй”.
Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай: “БОНЗ-ын стандартыг хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх нь бизнесийн үйл ажиллагаа болон хувийн хэвшлийн санхүүжилтийг Тогтвортой хөгжлийн зорилгуудтай нийцүүлэхэд чухал алхам билээ. Хөрөнгийн зах зээл нь тогтвортой хөгжлийн санхүүжилтийг бүрдүүлэхэд чухал үүрэг оролцоотой бөгөөд БОНЗ-ын стандартад нийцсэн хөрөнгө оруулалтын орчинг бий болгох чиглэлд үргэлжлүүлэн ажиллах болно”.
Монголын тогтвортой санхүүгийн холбоо (ТоС Холбоо)-ны Удирдах зөвлөлийн дарга О.Орхон: "Сүүлийн жилүүдэд бизнес болон хөрөнгө оруулагчдын зорилго нь нийгэм эдийн засаг, иргэдийн дунд урт хугацааны үнэ цэнийг бий болгож, тогтвортой өсөлтийг дэмжих хандлагатай болж байна. Энэ ч утгаараа БОНЗ, Тогтвортой байдлын тайлагналын удирдамж, гарын авлага нь Монгол Улсын санхүүгийн системийг тогтвортой хөгжилтэй уялдуулах бодит алхам болж байна”.
ОУСК-ийн Ази, Номхон далайн бүсийн БОНЗ Зөвлөх үйлчилгээ хариуцсан Менежер Кэйт Лазарус: "Тогтвортой хөгжлийн зорилт, үүнтэй холбоотой асуудлыг хөрөнгө оруулагчдын зүгээс сүүлийн жилүүдэд маш их сонирхож, анхаарч үздэг болж байгааг бид дэлхийн болон бүс нутгийн өөрсдийн туршлагаас харж байна. Хөрөнгө оруулагчид нь уур амьсгалын өөрчлөлт, жендэрийн мэдрэмжтэй байдал, биологийн олон янз байдал, нийлүүлэлтийн сүлжээн дэх болзошгүй эрсдэл гэх мэт компаниудын урт хугацааны үнэ цэнэ, үйл ажиллагаанд чухал нөлөө үзүүлэх өргөн хүрээний БОНЗ-ын асуудлуудыг компаниуд хэрхэн шийдвэрлэж, удирдаж байгаа талаар мэдээлэлтэй байхыг эрмэлзэх болсон. Компанийн зүгээс байгаль орчин нийгмийн асуудлуудад үзүүлж буй өөрийн нөлөөллийн талаар ил тод тайлагнах нь хөрөнгийн зах зээлийн урт хугацааны хөгжил, тогтвортой байдлыг хангахад чухал нөлөө үзүүлдэг болохыг зохицуулагч байгууллагууд мөн ойлгож, идэвхтэй дэмжин ажиллаж байна. Үүнийг бид Монгол Улсын жишээн дээр харж байна. ОУСК нь компанийн засаглал ба тогтвортой байдлын талаарх нийтдээ 145 хууль тогтоомж, дүрэм журам, 40 үнэлгээний аргачлал, БОНЗ-ын тайлагналын 11 удирдамж зэргийг боловсруулж батлахад дэлхийн олон улс орнуудтай хамтран ажилласан байна."
НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Тапан Мишра: "Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг сэргээх, тогтвортой хөгжлийн зарчмуудтай уялдуулан шинэчлэх чиглэлд шат дараатайгаар чухал алхмуудыг авч хэрэгжүүлж байна. Эдийн засгийг цэцэглэн хөгжүүлэх гол хөдөлгөгч хүч нь бизнесүүд болон хувийн хэвшлийн байгууллагууд ил тод байдлаа сайжруулах, Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулах зэрэг тогтвортой бизнесийн практикийг баримтлах, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх явдал юм. Тийм ч учраас Монгол дахь НҮБ-аас Монгол Улсын Засгийн газрыг бүх нийтэд хүртээмжтэй, тогтвортой хөгжлийн төлөөх бодлого, үйл ажиллагааны шинэчлэлийг эрчимжүүлэх, ТХЗ-ын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцоог стратеги төлөвлөлт, практик хэрэгжилтийн түвшинд амжилттай нэвтрүүлж, Алсын хараа 2050 болон бусад ижил төстэй баримт бичгүүдэд тусгасан ил тод байдал, мэдээллийн үр дүнтэй тогтолцоог бий болгоход манлайлж ажиллахыг уриалж байна."
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич тайлагналын удирдамжийн ач холбогдлыг өндрөөр үнэлж: "БОНЗ болон тогтвортой байдлын тайлагналын удирдамжийг ашиглаж, холбогдох стандартыг нэвтрүүлснээр хувийн хэвшилд олон төрлийн боломжуудыг нээж, боломжит ногоон эх үүсвэр, хөрөнгө оруулалтын гарцыг өргөжүүлэхийн зэрэгцээ тогтвортой байдлын нөлөөллийн хүчин зүйлсийг бизнесийн үйл ажиллагаа, аливаа шийдвэр гаргалтад нэвтрүүлж, улмаар нийтээрээ ТХЗ-д хүрэхэд хувь нэмэр оруулах боломжийг олгоно гэж харж байна."
Флоренсиа Балди, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн дэргэдэх Тогтвортой хөгжлийн төлөөх санхүүгийн байгууллагуудын нэгдсэн сүлжээ (FC4S) : "Тогтвортой байдлын тайлагнал нь санхүүгийн байгууллагын ил тод байдал, хариуцлагатай тогтолцооны талаарх өсөн нэмэгдэж буй хэрэгцээ, шаардлагыг хангах бодит шийдэл юм. Хөрөнгийн биржид бүртгэлтэй болон бүртгэлгүй компаниудын аль алинд нь чиглэсэн энэхүү удирдамж нь бизнесүүд, компаниудын тогтвортой байдлын тайлагналын практикийг үнэлэх, сул талыг олж илрүүлэх, тасралтгүй сайжруулах төлөвлөгөө гаргахад чиглэсэн жишиг загвар, шалгуур үзүүлэлтүүдийг багтаасан практик чиглэл, зааврыг тусгасан байна. Энэ нь аливаа компани, байгууллага доторх бүх түвшинд зохих үүрэг даалгаврыг оноож, хариуцлага үүрүүлэх замаар байгууллагын тогтвортой хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах амлалтыг бодитоор биелүүлэх алхам болохыг онцлон, тайлбарласан байгаа. Ийнхүү, удирдамжаас компани, бизнесийн урт хугацааны үнэ цэнийг бий болгож байгаа арга зам, нийгэм, хүрээлэн буй орчинд өөрийн хэмжээнд хэрхэн эерэг хувь нэмэр оруулж байгаа талаар гадны дотны оролцогч талууд болон хөрөнгө оруулагчдад ил тод мэдээлэл өгөх аргачлал зэргийг энгийнээр ойлгож, ашиглах боломжтой юм."
Ногоон санхүүгийн олон улсын платформын Менежер Камиле Андре: "Энэхүү удирдамж нь Монголын хөрөнгийн зах зээлд оролцогчдод тогтвортой байдлын нөлөөллийн эрсдэл, боломжийг зохих үнээр үнэлж, хөрөнгөө зохих хэмжээгээр хуваарилахад тусална. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс ийм төрлийн үйл ажиллагааг дэмжиж буй нь зах зээлийн ёс зүй, мэдээллийн ил тод байдлыг хангах эрмэлзэл өндөр болохыг харуулж байна."
© 2018 Монголын Тогтвортой Санхүүжилтийн Хөгжлийн Холбоо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.