ТоС Холбоо нь Уур амьсгалын ногоон сан (GCF), Худалдаа, хөгжлийн банк (ХХБ), Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК)-тай хамтран Гярман, Нидерланд улсуудад олон улсын туршлага судлах аялал зохион байгуулж буй бөгөөд тус аяллын үеэр ТоС Холбоо нь Нидерландын Үтрехт хотноо олон улсын хүлэмжийн хийн тооцооллын стандартаар тэргүүлэгч Нүүрстөрөгчийн Нягтлан бодох бүртгэлийн Санхүүгийн Түншлэл (PCAF) байгууллагатай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Энэхүү санамж бичгийг байгуулснаар ТоС Холбооны гишүүд өөрсдийн санхүүжүүлсэн зээл, хөрөнгө оруулалтын хүлэмжийн хийн ялгарлыг хэмжих, тайлагнах аргачлалд суралцаж, олон улсын стандарттай нийцүүлэн ажиллах боломжтой болж байна. Түүнчлэн PCAF-тай хамтран ажилласнаар ТоС Холбооны гишүүд буюу банкууд, банк бус санхүүгийн байгууллагууд, хөрөнгийн удирдлага, даатгалын компаниуд, Монгол Улсын Хөгжлийн Банк, Монголын Ипотекийн Корпораци зэрэг байгууллагуудын үйл ажиллагаанд хүлэмжийн хийн тооцооллыг нэг стандартаар нэвтрүүлж, ногоон зээл олгох зардлыг бууруулах, үйл явцыг хялбарчлах ач холбогдолтой.
Уг зорилгын хүрээнд PCAF болон ТоС Холбоо нь хүлэмжийн хийн тооцоолол, тайлагналын аргачлал, удирдамжуудыг олон улсын стандартын дагуу нэвтрүүлэх, сургалтын хөтөлбөрүүд боловсруулж хэрэгжүүлэх, уур амьсгалын эрсдэл боломжуудын талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, цаашлаад ирэх жил болох ТоС хөтөлбөрийн 10 жилийн ойг тохиолдуулан PCAF-н Монгол Улс дахь салбарыг байгуулахаар төлөвлөж байна.
Монгол Улсын санхүүгийн салбарын хувьд өнгөрсөн 10 жилийн турш тогтвортой санхүүжилт, ногоон зээлийн үйл ажиллагааг дэлгэрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд ТоС Холбоогоор дамжуулан тогтвортой санхүүгийн зарчмууд, ногоон таксономи, үндэсний тогтвортой санхүүгийн замын зургийг боловсруулж, хэрэгжүүлэх зэрэг чухал ажлуудыг хийсэн байна.
Сар бүрийн ТоС Newsletter-ээр бид ТоС-тэй холбоотой шинэ мэдээ мэдээллийг хүргэж байна.
© 2018 Монголын Тогтвортой Санхүүжилтийн Хөгжлийн Холбоо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.