ТоС хөтөлбөр

Хөтөлбөрийн тухай


Дэлхийн хүн амын өсөлт, эдийн засаг, технологийн хөгжлийг даган, байгаль орчин түүний баялагт хандах хүн төрөлхтний хандлага, хэрэглээ жилээс жилд өөрчлөгдөж олон талын сөрөг нөлөөллийг үүсгэж байна. Уур амьсгалын өөрчлөлт, хөрс-агаар-усны бохирдол, эрчим хүчний эх үүсвэр, байгалийн нөөц, хоол хүнсний хомсдол, хүлэмжийн хийн ялгарал зэрэг асуудлууд нь дэлхий нийтийн өмнө нэн хурцаар тулгарч ядуурал, өлсгөлөнгийн түвшинг нэмэгдүүлэх болон эдийн засаг, нийгмийн тогтвортой өсөлтөд сөргөөр нөлөөлж буй гол бэрхшээл болж байна.

Монгол Улсад ч мөн 21-р зууны эхэн үеэс байгалийн нөөц баялагт тулгуурласан эдийн засгийн бүтэц голлох болж, эрчим хүчний эх үүсвэр, байгалийн нөөцийг шавхан барагдуулах хандлагатай, хүрээлэн буй орчноо доройтуулах, хүлэмжийн хийн ялгаралтыг нэмэгдүүлэх, үр ашиг муутай хэрэглээтэй болсон нь байгаль экологид сөрөг нөлөө үзүүлж байна.

Үүний зэрэгцээ ядуурал, ажилгүйдэл, хүний эрхийн зөрчил, хөдөлмөр хамгааллын доголдол, цаашлаад бидний хосгүй нүүдэлчин өв соёл, ахуй уламжлал алдагдах эрсдэл өсч, шийдвэрлэх шаардлагатай асуудлууд олноор нэмэгдсээр байна. Эдгээр асуудалд шийдэл олох зорилгоор 2016 оны 4 дүгээр сард Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын 2016-2030 оны Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад уялдуулан соёрхон баталсан билээ. Үзэл баримтлалын үндсэн зарчим нь монгол хүн эрүүл саруул амьдрах орчинтой, найдвартай ажлын байр, орлогын эх үүсвэртэй, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын хүртээмжтэй, чанартай тогтолцоотой, чинээлэг хангалуун амьдрах ёстой гэсэн зарчим юм.

Түүнчлэн уг үзэл баримтлалын баримт бичигт шинэ хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүд, хөгжлийн сангуудын оролцоог онцолсон байдаг. Энэхүү баримт бичгийг бодитойгоор хэрэгжүүлэх, хүлэмжийн хийн ялгарал багатай хөгжлийн загвар руу шилжихэд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг санхүү, эдийн засгийн бодлогод тусгах, уялдуулах шаардлага зайлшгүй гарч байна.


Үүнтэй холбогдуулан Монгол Улсын санхүүгийн салбарын 95 хувийг бүрдүүлж буй банкны салбарын хувьд тогтвортой хөгжлийг хөхиүлэн дэмжсэн санхүүжилтийг олгох, банкнаас зээл, хөрөнгө оруулалт хүсч буй ААН, иргэдийг байгаль орчин, нийгэмд ээлтэйгээр үйл ажиллагаа явуулах шаардлага тавих, ногоон төсөл хэрэгжүүлэхийг дэмжих санхүүжилтийн хөшүүргийг бий болгох зэрэг оролцоо нэн чухал ач холбогдолтой. Иймд Монголын Банкны Холбоо (МБХ), Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК), Нидерландын хөгжлийн банк (НХБ) болон Худалдаа, хөгжлийн банкнаас хамтран 2013 оны 5 сард анх удаа зохион байгуулсан “Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн Форум” арга хэмжээний үеэр Монгол Улсын төрийн байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд, банкны болон бизнесийн салбарын төлөөлөгчид ногоон хөгжлийг хамтдаа хэрхэн бий болгох бодлогын асуудлыг хэлэлцсэн бөгөөд цаашид зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний нэг нь банк, санхүүгийн салбарын зохицуулагч байгууллагууд болон банкны харилцагчдын дунд тогтвортой санхүүжилтийн мэдлэг ойлголтыг гүнзгийрүүлэх, чадвар чадамжийг бий болгох ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзэн Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Энэхүү шийдвэрийн дагуу МБХ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ), Монголбанк, СЗХ, нийт банкуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаж Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн зарчмууд болон 4 салбарын удирдамж /уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр/-ийг боловсруулах ажлыг ОУСК, НХБ-ны зөвлөхүүдийн тусламжтайгаар хийж гүйцэтгэн, улмаар 2014 оны 12 дугаар сард Монгол Улсын “Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн Форум 2014” арга хэмжээг зохион байгуулж, анх удаа хөтөлбөрийн талаар олон нийтэд танилцуулж, 2015 оны 1 дүгээр сараас эхлэн ТоС-ийн зарчмуудыг банкууд үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхлэв. Энэхүү зарчмууд нь байгаль орчин, хүний эрх, соёлын өв, ногоон эдийн засаг, санхүүгийн хүртээмж, ил тод байдал зэрэг бидний тулгамдаж буй чухал асуудлуудыг тусгасан ба банкнаас санхүүжүүлж буй төслийн байгаль орчин, нийгмийн эрсдэлийг тодорхойлж, бууруулах, цаашлаад ногоон төслүүдийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд банкуудад дэмжлэг, чиглэл өгөх зорилготой юм.


Өнөөдрийн байдлаар нийт банкууд ТоС-ийн зарчмуудыг хэрэгжүүлж, өөрсдийн үйл ажиллагаандаа байгаль орчин, нийгмийн удирдлагын системийг бүрдүүлэн, зээл санхүүжилт олгохдоо байгаль орчин, нийгмийн эрсдэлийг тооцоолон ажиллаж байна. Мөн уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр зэрэг байгаль орчин, нийгмийн өндөр эрсдэлтэй салбаруудад чиглэсэн тусгай шаардлагуудыг тавин ажиллаж байгаа ба ннгэхдээ тухайн бизнесээ аль болох дэмжих, зөвлөгөө өгөх, сөрөг нөлөөллийг бууруулах арга замыг эрэлхийлэн хамтран ажиллаж байна.

Цаашлаад ТоС хөтөлбөр нь олон улсад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны сайн загвар төсөл болон танигдаж байгаа бөгөөд тогтвортой санхүүжилтийн үйл ажиллагааг банкны бус санхүүгийн салбарт нэвтрүүлэх, дэлгэрүүлэх зорилгоор Монголын Банкны Холбоо (МБХ)-ны Удирдах зөвлөлөөс Монголын Тогтвортой Санхүүжилтийн Хөгжлийн Холбоо (ТоС Холбоо) ГҮТББ-ыг үүсгэн байгуулж, 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс үйл ажиллагааг нь албан ёсоор эхлүүллээ.