Холбооны тухай

Их дээд сургуулиудад зориулан ТоС сонгон хичээл боловсруулах төсөл


Монголын Тогтвортой Санхүүжилтийн Хөгжлийн Холбоо (ТоС Холбоо), БОАЖЯ, Монголбанк, Олон Улсын Санхүүгийн Корпораци (IFC), Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл (PAGE) байгууллагууд хамтран их дээд сургуулиудын баклаврын зэрэгт банк, санхүүгийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан “Тогтвортой Санхүүжилт”-ийн сонгон суралцах хичээлийн сургалтын хөтөлбөр боловсруулах, нэвтрүүлэх төслийг албан ёсоор 2018 оны 4 дүгээр сард эхлүүлэн төслийн ажлын төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.

Уг төсөлд СЭЗДС, МУИС, ХҮДС хамтран ажиллаж байгаа бөгөөд төслийн хүрээнд тогтвортой санхүүжилтийн сурах бичиг, сургалтын материалыг боловсруулах, их дээд сургуулийн багш нарыг бэлтгэх, 2019 оны хичээлийн жилийн хаврын улиралд туршилтын хичээлийг эхлүүлэхийг зорьж байна.

ТоС-ийн сонгон хичээлээр оюутнууд санхүүжилт, хөрөнгө оруулалт болон тогтвортой хөгжлийн уялдаа холбоо, бизнесийн үйл ажиллагаанд байгаль орчин, нийгмийн эрсдэлийг авч үзэхийн ач холбогдол, эрсдэлийн үнэлгээ хийх аргачлалууд, ногоон бизнесийн боломжууд, олон улсын туршлага зэрэг чиглэлээр мэдлэг эзэмшснээр, тогтвортой хөгжлийн чиг хандлагад нийцсэн шинэ үеийн банк санхүү, бизнесийн салбарын мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэхэд хувь нэмэр оруулах юм.